P2011-04-30 - Нефть импортлогчид нэгэн дуугаар үнээ нэмлээ
ОХУ дотоодын зах зээлдээ үүсээд буй бензиний хомсдлын улмаас тавдугаар сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар нефтийн бүтээгдэхүүний экспортоо зогсоох шийдвэр гаргасан билээ. Монгол Улс дотоодынхоо шатахууны хэрэгцээг 100 хувь ОХУ-аас хангадаг тул монголчуудад энэ шийдвэр сөргөөр нөлөөлж, бензиний үнэ нэмэгдэж магадгүй гэсэн болгоомжлол иргэдийн дунд үүсээд байлаа. Гэхдээ Газрын тосны газрын холбогдох албаны хүмүүс болон Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын орлогч дарга Н.Болдхүү нар “ОХУ-ын Эрчим хүчний яам тус улсын Засгийн газрын шийдвэр болох газрын тосны бүтээгдэхүүний экспортыг зогсоох нь Монгол Улсад хамаарахгүй гэж албан ёсоор мэдээлсэн. Тиймээс манай улс өмнөхийн адил тус улсаас шатахууны хэрэгцээгээ хангах боломжтой” хэмээн мэдэгдэж байсан ч Монголын нефть импортлогч компаниуд өчигдөр оройн 22.30 цагийн үед бүх төрлийн шатахуун, түлшний үнийг 80 төгрөгөөр нэмээд байна. Үүнтэй холбоотой манай сурвалжлах хэсгийнхэн Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” шатахуун түгээн станцын 3-р салбар, “Жаст- Ойл” шатахуун түгээх станцын 10-р салбарыг зорьлоо. 11.00 цаг: Баянзүрх дүүрэгт байрлах “Петровис” ШТС-ын гаднах талбайд шатахуун авахаар дугаарлаж буй автомашины жолооч нар биднийг их л бухимдуу угтсан бол зарим нь түлшний үнэ нэмэгдсэн талаар мэдээлэлгүй байлаа. Тус ЦТС АИ-80 бензинийг 1220, АИ-92 бензинийг 1380, Дизел түлшийг 1470, АИ-95 бензинийг 1450 төгрөгөөр тус тус түгээж байлаа. Энэхүү нэмэгдсэн үнээр "Петровис"-ын бүх салбар шатахуун түгээж байгааг тус газрын шатахуун түгээгч хэлэв. Өөрөөр хэлбэл, өчигдөр оройн 22.30 цагаас эхлэн “Петровис”-ын бүх салбарууд 80 төгрөгийн нэмүү үнээр борлуулалт хийж эхэлсэн байна. Баянзүрх дүүрэгт байрлах “Петровис” ШТС-аас шатахуун худалдан авахаар дугаарлаж буй автомашины жолооч нартай уулзлаа. Б.Энхбат / Баян-Зүрх дүүргийн иргэн/ Бүх бүтээгдэхүүний үнэ хөдөлнө П.Ганхүү/ Хэнтий аймгийн иргэн/ Орон нутагт шатахууны үнэ огцом нэмэгдэнэ -ОХУ-ын дотоодын зах зээлд үүссэн нөхцөл байдалтай холбоотой манай улсын нефть импортлогч компаниуд түлшний үнийг нэмчихлээ. Аргагүй шүү дээ. Монгол Улс, ОХУ-аас 100 хувь шатахуун авч байгаа болохоор хараат байхаас яах билээ. Ингэж үнэ нэмэгдсэнээс гарах сөрөг үр дагавар нь тодорхой. Одоо захын нэг гутлын наймаачин бараанынхаа үнийг нэмчихсэн л сууж байгаа. Энэ төр засгийн толгой нь эргэсэн хэдэн нөхдүүд шатахууны үнийг 1000 төгрөгөөс давуулахгүй барьж болдоггүй юм байх даа. Саяхан Эрдэс баялаг, эрчим хүчний яамны холбогдох албаныхан “ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүний экспортоо зогсоох нь Монгол Улсад хамаарахгүй” гэсэн мэдээлэл өгч байсан. Гэтэл үнэ нэмэгдчихлээ. Холбогдох газрууд үүн дээр тайлбар хэлэх үүрэгтэй гэж бодож байна. А.Сарантуул /Чингэлтэй дүүргийн иргэн/ Импортлогч компаниуд эрх ашгаа бодож байна-Би таксины үйлчилгээнд явж амжиргаагаа залгуулдаг хүн. Гэтэл шатахууны үнэ нэмэгдчихээр би хэдэн хүүхдээ яаж тэтгэж, тэжээх болж байна. Бүр үх гэсэнтэй ялгаагүй хандаж байгаа юм биш үү, энэ төр засаг. Газрын тосны импортлогч компани хэдхэн байгаа нь цаанаа бөөн ашиг сонирхол. Тэгэхээр ганцхан оросоос ч биш урд хөршөөс шатахуун импортлох хэрэгтэй. Ирэх долоо хоногоос хүнсний өргөн хэрэглээний үнэ нэмэгдэх нь тодорхой.
-Танайх хэзээнээс шатахууныхаа үнийг нэмсэн бэ? -Ер нь нийслэлд шатахуун түгээж буй бүх компаниуд өчигдөр 22.30 цагаас эхлэн шатахууны үнийг нэмсэн байгаа. Манай “Жаст Ойл” компанийн хувьд салбар станцууд өнөөдөр 09.00 цагаас эхлэн нэмэгдсэн үнээр шатахуун түгээж байна. -Үнэ нэмэх болсон үндэслэлийг та юу гэж тайлбарлах вэ. Уг нь бол төрийн байгууллагуудын зүгээс ОХУ-ын нефтийн экспортын хязгаарлалт монголд хамаарахгүй гэдгийг мэдэгдсэн байгаа шүү дээ? -Чухам ямар үндслэлээр шатахууны үнэ нэмэгдэх болсон талаар удирдах хүмүүс л тайлбар өгөх байх. Гэхдээ өнөөдөр амралтын өдөр болохоор холбогдох хүмүүс бараг байхгүй болов уу.
|
|
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |
ОХУ дотоодын зах зээлдээ үүсээд буй бензиний хомсдлын улмаас тавдугаар сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар нефтийн бүтээгдэхүүний экспортоо зогсоох шийдвэр гаргасан билээ.
